Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тай хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон.
Төслийг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 онд дөрвөн сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн үүн дээр нэмэлтээр, төслийн хүрээнд барилгын шинэчлэн засварлах үйл ажиллагаанд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Төслийн хүрээнд дулааны алдагдалтай нийт 20 сургууль, цэцэрлэгийг засварлахаас гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогын орчныг сайжруулахаар төлөвлөжээ. Төслийн нээлт өнөөдөр Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгааллын төвд болно.