Татвар нэмж, ард түмний халааснаас 50 хүрэхгүй тэрбум төгрөг цуглуулахаар төр засгийнхан шийдвэр гаргалаа. Иргэд үүнд бухимдаж, хоногийн хоолоо залгуулдаг хэдэн бор төгрөгнөөсөө хумслуулахгүй гэж эсэргүүцэв. Сангийн яамнаас гаргасан мэргэн бодлого буюу У.Хүрэлсүхийн засаглалын “ иргэдээс суйлах” мэх ийнхүү түмэн олны эсэргүүцэлтэй туллаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр мэргэн түшээд маргаж, хуулиа эргэн харах уу, эсвэл дөргүй бух мэт зүтгүүлсээр 40 гаруйхан тэрбумыг төсөвт төвлөрүүлэх үү гэсэн ацан шалаанд орчихсон явна.
Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч энэ асуудал босч байна. Татвартай холбоотой асуудалд ХНХ-ын сайд С.Чинзориг “Татвар болон тэтгэврийн нас нэмсэн асуудал иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар яам болон гурван талт хэлэлцээрийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Маргааш ажлын хэсэг судалгааны байдлыг танилцуулна. Судалгааны дүнгээс хамаарч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судална” гэсэн тайлбар хийлээ.
Магадгүй татвар нэмснээр айл өрхийн амьжиргаанд нэг их нөлөө үзүүлээгүй хэмээн ажлын хэсгийнхэн нь дүгнэвэл Засгийн газрын 40 гаруй тэрбумыг “Иргэдээс суйлах” мэх биеллээ олно. Санаа зовохгүйгээр татвар нэрийн дор түмэн олны халаас руу дайрна гэсэн үг. Тиймээс ажлын хэсгийнхэн ямар шийдвэр гаргахыг маргааш харах л үлдэж байна.
Э.Мөнгөнбаяр
Сэтгэгдэл (5)