Нийслэлийн хүүхдийн байгууллага байгуулагдсаны 90 жил, нийслэлд залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Эдгээр түүхт ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргад танилцуулахаар нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын үе үеийн удирдлагуудын төлөөлөл, ахмад үеийнхэн өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзлаа.
Хотын пионерийн зөвлөлийн I, II нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Ренцен-Амгалан Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд есөн төрлийн багц арга хэмжээг ирэх хоёрдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл зохион байгуулах болсон талаар хотын даргад дуулгаад “Бүх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Энэ арга хэмжээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахыг хүсч байна” хэмээв.
Түүнчлэн Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, Хотын пионерийн зөвлөл зэрэг байгууллагууд тухайн үед залуучууд руу чиглэсэн ямар арга хэмжээг зохион байгуулдаг, юу хийдэг байсан талаар туршлагаасаа ярилцлаа.
“Засаг даргын ивээл дор зохион байгуулахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Захирамж гаргаад, ажлын хэсэг байгуулж ажиллуулна. Та бүхэн ажлын хэсэгт орж төлөвлөгөөгөө сайтар гаргаад, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Хотын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уулзалтын үеэр хэллээ.