Зам тээврийн хөгжлийн сайд БНХАУ-д ажлын айлчлалын үеэр Монгол, Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээх тохиролцоонд хүрсэн байна. Энэ оны хоёрдугаар хагаст агаарын шинэ хаалгыг нээхээр төлөвлөсөн байна.
Хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэх, МИАТ ТӨХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Эйр Чайна” компанийн хооронд аяллын дугаар хуваан эзэмших саналыг дэмжин холбогдох арга хэмжээ авахыг Хятадын талаас хүсэв. Тохирсон асуудлуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр эцэслэн гарын үсэг зурна.
“МИАТ” ТӨХК энэ оноос БНХАУ-ын Чэндү, Гуанжоу чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Энэ нь хоёр улсын аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг өргөжүүлэхэд томоохон алхам болно гэж үзэж буйгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ онцолжээ.
Мөн “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй нислэгийг сунган, Улаанбаатар-Улаан-Үд-Манжуур-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийг олгож, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.