Хаврын урин дулаан цаг айлчлан ирж, цас, мөс хайлж эхэллээ. Энэ үеэр шар усны үер болдог. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны 117 айл шар усны үерт өртсөн нөхцөл байдалтай байна. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автаж, айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байдал үүсчээ.
Мөн далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, авто замд усны хаялга хийгээгүйн улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон гээд олон хүндрэл учраад буй. Өнөөгийн нөхцөл байдал болоод бороо ороход хот тэр чигээрээ усанд автдаг асуудал жил бүр давтагддаг. Тиймээс нийслэлийн хамгийн их ус хуримтлагддаг байршлуудыг сонгож авто замуудад ус зайлуулах хаялга хийх юм байна. Тухайлбал, Чингис зочид буудлаас дээш өгссөн зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Нарны гүүрний доод хэсэг зэрэг ус их хуримтлагдаж байгаа газруудыг эхний ээлжинд засварлах аж. Мөн гэр хороолол дахь зарим замд уг ажлыг хийхээр төлөвсөн байна.