Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баярбаатар, ГТТГ-ын Ой, хээрийн түймэртэй тэмцэх асууал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Галтзул нар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Т.Баттогтох, Ойн албаны дарга А.Батболд нартай цахим хурал зохион байгууллаа.Цахим хурлаар түймрийн голомт дахь нөхцөл байдлыг тодруулж, тодорхой үүрэг чиглэл өгчээ.
Энэ сарын 18-ний өдрийн 11:00 цагийн байдлаар түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нийт 10 автомашин, найман мотоцикль, 61 морьтойгоор ажилласан байна. Түймрийн голомтод 192 хүн ажиллаж цурманд нь оруулсан бөгөөд урьдчилсан мэдээгээр 5800 га газар түймэрт автсан байна. Ой хээрийн түймэрт зэрлэг ан амьтад өртөөгүй ажээ.