Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөн их дээд сургуульд элсэх сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд дууссан. Харин Боловсролын үнэлгээний төвийнхөн ЭЕШ-д орохоор хэдэн хүүхэд бүртгүүлснийг өнөө болтол гаргаж амжаагүй байгаа гэж тус төвийн хэвлэл реклам хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид хэлж байна. Тэрбээр “ЭЕШ-д орохоор хэдэн хүүхэд бүртгүүлсэн, хэдэн хүүхэд бүртгүүлж чадаагүй болон, өмнөх жилүүдэд ЭЕШ-ээс хоцорсон хэчнээн хүн нэмж бүртгүүлснийг бид тооцож гаргаагүй байгаа. Бид өөр ажилтай, завгүй байна” гэлээ. Энэ жил Ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар ангийг нийт 42,2 мянган хүүхэд төгсч байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 16-нд эхэлнэ.