Чингис хааны хаврын тахилга Өвөр Монголд эхэллээ Хятадын ӨМӨЗО-ны Ордос хотын ойролцоох Чингисийн онгоны хаврын тахилга өнгөрсөн ням гарагт эхэлсэн байна. Хаврын энэ тахилгыг өвөр монголчууд Цагаан сүргийн тахилга хэмээн нэрийддэг байна. Үндэсний дээл хувцасаа өмссөн өвөр монголчууд бүтэн шүүс, сүү цагаан идээгээ аван өглөө эртнээс Чингисийн онгоны ойролцоо цугларчээ. Тахилга албан ёсоор эхэлсэн өглөөний 9,00 цагт шүтэн бишрэгчид онгоны сүмд цуван орж хүндэтгэл үзүүлэн идээ шүүсээ өргөж эхэлсэн байна. Цагаан сүргийн тахилга нь 800 жилийн туршид билгийн тооллын хаврын сард буюу гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 24-ний хооронд болдог, 2006 онд биет бус өвд бүртгэн авсан томоохон ёслол юм байна.