Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцсэн байна. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцууллаа.
Тэрбээр “Оюутолгой дээр цахилгаан станц барих ажлыг үе үеийн Засгийн газар ярьж байсан ч тус цахилгаан станцын бодитоор ямар цаг хугацаанд барих шийдэл гараагүй байсан. Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагч РиоТинто компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойд цахилгаан станц барих асуудлаар хэлэлцэж тохиролцоонд хүрсэн. Үүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжигдлээ. Ингэснээр Тавантолгойд түшиглэж барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300 мВт-ын дулааны цахилгаан станц 2023 оны зургадугаар сард ашиглалтад орно. Өөр бусад асуудлыг ирэх оноос эхлээд Оюутолгойн эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоосоо хангаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүргийнхээ Монгол Улсын төрийн эзэмшлийн системээс тодорхой хэсгийг дотоодоосоо эрчим хүчээр хангаж эхэлнэ гэсэн үг.
Бид дотоодын эрчим хүчнийг дамжуулах дэд бүтцийг барьж байгуулах ажлыг үндсэндээ дуусгаж байна. Он гараад Оюутолгой эрчим хүчний системтэй холбогдоно. Ер нь Оюутолгой компани БНХАУ-аас 100 гаруй мВт-ын цахилгаан эрчим хүчийг импортолж авч байгаа. Энэ нь 160-170 сая доллар болж байгаа. Энэ хөрөнгө дотооддоо үлдэх ажил ирэх оноос эхэлж байна. Учир нь дотоодын эрчим хүчээс 20мвт-н эрчим хүчийг ирэх оноос авч эхэлнэ” хэмээн ярьсан юм.