Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуучин Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болжээ. Хэдийгээр оны өмнө дээрх театрын дотоодын үйл ажиллагаа хурцдаж, Г.Ариунбаатар дуучны багшийг театраас хөөх шийдвэр гарахад тэрбээр багшийгаа даган тус театрыг орхих хүсэлтээ илэрхийлж байсан юм. Тэгвэл Марийнский театр түүнийг дахин урьж, урт хугацааны гэрээ байгуулах санал тавьсан байна.
Энэ тухайгаа дуучин Г.Ариунбаатар өөрийн фэйсбүүкт “Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрахаар боллоо. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтах боломжийг дахин өвөртөллөө” хэмээн бичжээ.
Тэрбээр 2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс" төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)