Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё дуусах шатандаа орлоо. Өчигдөр (башёгийн 12 дахь өдөр) тэмцээнийг тэргүүлж буй Монголын хоёр сүмоч учраа тааран барилдсан нь олны анхаарлыг зүй ёсоор татав. Учир юу гэвэл, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал нутаг нэгт сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар (хоёул 10:2) тэргүүлэгчийн өрсөлдөөн улам ч сонирхолтой болж ирэв. Үлдсэн өдрүүдэд Хакүхо аваргыг хатуухан учраанууд хүлээж байгаа бол Тамаваши айдгаа авдартаа хийчихсэн.
Мөн аваргын сүүлийн хоёр учраа нь озеки цолтон гэхээр Тамавашид түрүүлэх боломж холгүйг харж болохоор байна. Хакүхо маргааш тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй Такакэйшотой хүч үзэх бол Тамаваши маань Хокүтофүжитэй барилдах оноолт гарсан байна.
Б.Жаргал