Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Э.Даваанасан нар маргааш алтан медалийн төлөө барилдахаар шалгарав.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-д өсвөр үеийн Азийн аварга, “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д 2017 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Б.Хонгорзул, 68 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан болох бөгөөд нээлтийн ёслолын ажиллагааны дараа 18:00 цагаас ДБНХ-ны албан ёсны сайт https://unitedworldwrestling.org/event/grand-prix-ivan-yariguin линкээр үзээрэй.
Б.Жаргал