Билгийн тооллын 17-р жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөр үеийнхний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Нийтийн монгол шандастаны барилдаанд 160 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, залуу бөх Б.Хаш-Эрдэнэ түрүүлж, ӨМӨЗО-ны Улаанхад Хишигтэн хошууны Г.Бүрэнболор үзүүрлэв. Их шөвөгт БЗД-ийн Ч.Хүрэлбат шалгарсан байна.
Харин өсвөр үеийнхний барилдаанд 28 бөх зодоглоход Завхан аймгийн бөх Б.Баярболд түрүүлж, Багануур дүүргийн З.Эрхэмбаяр үзүүрлэсэн юм. Тэгвэл өнөөдөр Хавдрын эсрэг үндэсний төвийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.
Б.Жаргал