БНСУ-ын жүдо бөхийн холбооноос дэлхийн аварга Ан Баулыг шигшээ багаас хасах шийдвэр гаргасан нь спортын ертөнцөд шуугиан тарьж байна. Шилдэг жүдоч Ан Баул цэргийн албаа дүйцүүлэн хаахдаа нийгэм, сайн дурын ажил хийх ёстой байсан ч бичиг баримтаа хуурамчаар мэдүүлсэн нь илэрчээ. Ингэснээр нэрт жүдоч маань шигшээ багаасаа зургаан сараар хасагдаж, энэ жилийн ДАШТ-д оролцохгүй болж байна. Түүнд нэг жилийн шийтгэл оногдуулахаар төлөвлөсөн ч эх орондоо олон арван медаль авчирсан гавьяаг нь үнэлж, багасгасан нь энэ юм. Ан Баул аварга энэ асуудалтай холбогдуулан “Үндэсний бэлтгэлийн төв Сөүлээс Инчёнд нүүсний дараа шигшээ багтаа бэлтгэл хийхэд хэцүү болсон юм. Бэлтгэлээ таслахгүйн тулд ийм хуурамч баримт хийсэн. Хийсэн үйлдэлдээ харамсч байна” гэсэн байна.