Улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойд зориулсан “Эх орончдын өдөр”-ийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Гахай жилийн анхны барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, харцага Ш.Уламбаяр, Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч. О.Хангай, Н.Золбоо, Ш.Мөншөнбаатар, Т.Бэгзсүрэн тэргүүтэй 256 бөх барилдлаа. Энэ барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, өсөх идэр начин Э.Энхбат үзүүрлэв.
Харин их шөвөгт аварга Н.Батсуурь, аймгийн арслан А.Мөнхбаатар шалгарлаа. Аварга Н.Батсуурь их шөвөгт ир нь ид тэгширч буй О.Хангай харцагыг шилж амласан нь бөх сонирхогчдод сонин бөгөөд сонирхолтой байлаа.
Залуу аварга маань хав барьцнаас О.Хангайд өвдөг шороодсноор түүнд ойрхон болсон гурван том барилдаанд уналаа.
Б.Жаргал