Өчигдөр Испанийн Мадрид хотын “Ванда Метрополитано” цэнгэлдэхэд болсон хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Ливерпүүл баг нутаг нэгт Тоттенхэмийг 2:0-ээр хожиж түрүүлэн “дэлдэн чихт” Цом өргөв. Гоолыг довтлогч Салах 2 минутад(торгуулийн цохилт), Ориги 87 минутад орууллаа. Тус баг өмнө нь Аваргуудын лигт таван удаа түрүүлж байсан бөгөөд Герман дасгалжуулагч Клоппын хувьд удирдсан баг нь Европын хөлбөмбөгийн цом авсан анхны тохиолдол болов.
Тоглолтын 18 минутад талбай дээр “Vitaly Uncensored” гэсэн бичигтэй усны хувцастай нэгэн эмэгтэй гарч ирэн цэнгэлдэхэд ирсэн 68 мянган үзэгчийн гайхширлыг төрүүлсэн. Энэ нь үзэгчдэд зориулсан албан ёсны үзүүлбэр бус, ямар ч зөвшөөрөлгүй үйлдсэн дэггүйдэлт байв.
Талбайн шүүгч Д.Скомина тоглолтыг түр зогсоож, хамгаалалтын албаны ажилтан дэг журам зөрчсөн уг эмэгтэйг баривчилж талбайгаас хөтөлж гаргаснаар тоглолт цааш үргэлжилсэн. Сайх эмэгтэй нь аялал жуулчлалын блог хөтлөгч , урьд нь Maxim, Sports Illustrated, FHM сэтгүүлтэй хамтран ажилладаг байсан загвар өмсөгч Кинсей Волански ажээ. Түүнийг ингэж Мадрид хотын ““Ванда Метрополитано”” цэнгэлдэхэд тоглолтын дундуур талбай дээгүүр дэггүйтэж гүйхээс өмнө Instagram нь 300 мянган хандагчтай байсан бол өнөөдрийн байдлаар 850 мянга болж өссөн байна.