ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Монгол, Киргиз, Казахстаны баг оролцож байгаа бөгөөд тэмцээний сүүлийн гараа өнөөдөр болж, хаалтын ажиллагаа болох юм.
Хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В. Фомин нар оролцоно.
Төв аймгийн нутаг Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж буй “Аравт” морин цэргийн наадмын хоёр дахь даалгавар холимог буухиагаар тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулах бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэнэ. Киргиз, Казахстаны баг энэ даалгаварыг өчигдөр гүйцэтгэсэн бол Монгол, ОХУ-ын баг сугалааны дагуу өнөөдөр гараанаас гарна.