Японы Шизүока мужийн Яйзү хотын төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Яйзү хотын даргын орлогч Шимояма Коожигоор ахлуулсан төлөөлөгчид өчигдөр Монголын чөлөөт бөхийн холбоонд зочилж хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурав.
Гэрээний гол зорилго нь ирэх арваннэгдүгээр сарын дундуур үндэсний шигшээ багийн тамирчдыг тус хотод хамтарсан бэлтгэлд хамруулахаар болсон. Түүнчлэн энэ үеэр үндэсний шигшээ багийн 27 тамирчинд зориулж “Асикс” брэндэд захиалгаар хийлгүүлсэн борцовкны дээжийг гардуулан өгсөн байна. Энэхүү улаан, алтан шаргал өнгө хосолсон борцовк нь Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” зуны олимпийн наадмаас алтан медаль авахыг билэгдэж байгаа юм.