Чөлөөт бөхийн 15 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Тайваний Тайчунь хотод эхэллээ. Хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ Ш.Баянмөнх, спортын мастер Э.Батмөнх, М.Кажыхухан нарын удирдлага дор долоон тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн охидын ангиллын барилдаан болж манай гурван тамирчин хүч үзэж нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин Ариунболдын Бичигмаа мөнгө, 62 к-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Алтансүхийн Даваажаргал хүрэл медалийн эзэн боллоо.
А.Даваажаргалын хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хошой медальтан болж байна. Харин 58 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Хоролгарав дөрөвдүгээр байрт шалгарчээ. Өнөөдөр хөвгүүдийн ангиллын барилдаан болох бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин зодоглоно.
Б.Лхам