Монголын хүүхдийн спортын VIII наадмын нээлт боллоо. Нээлтийн үеэр спортын наадамд оролцож буй Э.Эрхэстэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаас хамгийн олон буюу 13 алтан мадаль хүртсэн юм.
-Хүүхдийн спортын наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Энэ жилийн наадам бол миний оролцож буй хоёр дахь наадам. Өнгөрсөн жил анх удаа оролцоод 13 алтан медаль хүртсэн.
-Усан сэлэлтээр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Гэр бүлээрээ зугаалгаар явж байгаад усанд живсэн. Тухайн үед биднийг аав маань авсарсан. Тэр цагаас хойш усанд сэлж сурах хэрэгтэй юм байна гэж бодоод хичээллэж эхэлсэн.
-Энэ жил бэлтгэлээ хэр хангасан бэ? Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулах уу?
-Өнгөрсөн жил аль болох олон төрөлд оролцож, дүүргийнхээ төлөө уралдсан. Дөрвөн зайн төрөлд оролцсон. Энэ жил бэлтгэл сургуулилт сайн байгаа. Спортын наадамдаа аль болох шударгаар өрсөлдөнө дөө.
-Монгол Улс усан сэлэлтийн төрлөөр өнгөрсөн олимпод оролцсон шүү дээ. Чиний хувьд олимпод өрсөлдөнө гэсэн бодол бий юу?
-Усан сэлэлт бол хөгжиж буй спорт. Шинэ олон тамирчид гарч ирж байгаа. Усан сэлэлтийн Монгол Улсын чансаа сайжирч байгаа. Тийм болохоор өрсөлдөөн их болсон. 2028, 2032 оны олимпуудад улсаа төлөөлөн оролцож, алтан медаль авна гэж боддог.
Д.Батчулуун