Монголын хүүхдийн спортын VIII наадмын нээлт боллоо. Нээлтийн үеэр спортын наадамд оролцож буй Б.Чимэгсайхантай ярилцлаа.
-Хүүхдийн спортын наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Би Багахангай дүүргээ төлөөлөн оролцож байгаа. Энэ жил анх удаа хүүхдийн спортын наадамд оролцож байна.
-Тэквондогоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-2025 он гарснаас хойш тэквондогийн спортоор хичээллэж эхэлсэн. Багаасаа л тулааны спорт сонирхолтой санагддаг байсан. Гэхдээ манай сургуульд тэквондогийн клуб хичээллэдэггүй байсан. Харин гурван жилийн өмнөөс нээгдсэн байсныг энэ жил л мэдсэн. Мэдсэн даруйдаа хичээллэхээр элссэн.
Саяхан 30 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод мөнгөн медаль хүртсэн.
-Тэквондогоор хичээллэхийн хүнд хэцүү зүйл нь юу байв?
-Би спорт гэхээсээ илүү урлагаар явдаг хүүхэд байсан. Тулааны спорт гэдэг бол үнэхээр өөр түвшний зүйл гэдгийг ойлгосоор байгаа. 500 метрт ч гүйж чаддаггүй байсан юм. Харин одоо амьсгаа задраад, бие бялдар илүү хөгжиж байгаа. Спортоор хичээллэж эхлээд өөрийнхөө шинэ талыг олж харсан.
-Өнөөдрөөс уралдаан тэмцээнүүд нь эхэлж байна. 21 аймаг, есөн дүүргээс маш олон хүүхдүүд ирсэн байна шүү дээ.
-Миний хувьд анхны жил учир маш их догдолж байна. Мөн надаас илүү маш мундаг олон хүүхдүүд байгаа болохоор сандарч байна.
Д.Батчулуун