Нэгэн цагт 1000 гоол оруулахаас нааш зодог тайлахгүй хэмээн ам гарч байсан Португалын шигшээ багийн од Кристиано Роналду урд шөнө Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд Германы шигшээ багийн эсрэг гоолдлоо. Энэ нь түүний замналын 937 дахь гоол болж бүртгэгдэв.
Уг тоглолтод Португалчууд Германы хүчирхэг багийг 2:1 харьцаатай буулган авснаар 25 жил хожоогүй байсан түүхээ цагаатгав. Мэдээж хожлын гоолыг өдгөө 40 настай Роналду оруулсан юм.
Өнгөрсөн 2022 оны ДАШТ-ийг сэтгэл дундуур үдсэн тэрбээр дараахан нь Саудын Арабын лигийн "Аль Насыр" багтай гэрээлж, тус багийн төлөө 77 тоглолтод оролцож, 74 гоолыг оруулаад буй. Түүний гэрээ удахгүй дуусаж, хүссэн багтайгаа гэрээлэх эрх чөлөөг олж авах юм. Сонирхуулахад тэрбээр эх орныхоо төлөө 220 тоглолтод оролцож, 137 гоолыг оруулаад байна. Одоо түүнд сэтгэл хангалуун зодог тайлахад 63 гоол үлдээд байна.
Л.Баяр