БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Сог-д Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар бараалхав. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын дотно ярианы үргэлжлэл болж, Солонгос тал Монголд төрийн айлчлал хийх урилгыг таатайгаар хүлээн авлаа. Өнгөрсөн 35 жил хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс БНСУ-аас 1 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл хүртсэн. Цаашид хүрээг тэлж, “Хавдар судлалын эмнэлэг-2” зэрэг ард иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтыг хамруулах талаар тохирлоо. Чухал ашигт малтмал, ховор элементийн хайгуулын салбарт хамтран ажиллаж, Монгол–Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төвийг нээхээр боллоо.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд эрүүл ахуй, ургамлын стандартыг нутагшуулах, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифт хөнгөлөлтөд хамрагдах барааны 90 гаруй хувийг чөлөөлөхөөр тохиролцлоо. Манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болох ноолуур, мах, махан бүтээгдэхүүн ангилалд хараахан ороогүй байгаа тул энэ асуудлыг дахин ярилцаж, Монголын үйлдвэрлэл дэлхийн зах зээлд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхээр тохирлоо.