
Стандарт, хэмжил зүйн газар болон Геологийн судалгаа шинжилгээний салбарын хэмжээнд хэмжлийн эталоны шалгалт тохируулгын чадавх, хамрах хүрээг нэмэгдүүлэх болон батлагдсан стандартчилсан загварыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж, мэдээллийн санд бүртгүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Тус уулзалтад Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, холбогдох дарга нар, мөн Геологийн судалгаа, шинжилгээний төв ТӨҮГ-ын захирал Б.Энхтөр болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Түүнчлэн, санамж бичгийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар нь батлагдсан стандартчилсан загварыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, мэдээллийн санд бүртгүүлэх, олон улс, бүс нутгийн болон гадаад улс, орнуудын хэмжил зүйн байгууллагын үйл ажиллагаа, уулзалт, сургалт, семинар, туршлага судлах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх арга хэмжээнд мэргэжлийн зөвлөмж өгөх, геологийн судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд ашиглах үндэсний болон олон улсын стандартыг боловсруулж, батлуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
Харин Геологийн судалгаа шинжилгээ төв ТӨҮГ нь Эрдэс, түүхий эд, баяжмал бүтээгдэхүүн, газрын ховор металлын сорилт туршилт, шинжилгээнд ашиглаж байгаа стандартчилсан загварыг зохион бүтээх, бий болгох, нэр төрөл, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн, судлаачдад мэргэжлийн зөвлөмж өгөх, олон улс, бүс нутгийн болон гадаад улс, орнуудын эрдэс, түүхий эд, баяжмал бүтээгдэхүүний стандартчилсан загвар зохион бүтээх, бий болгох үйл ажиллагаанд хамтарсан судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

Цаашид хамтын ажиллагааны үр дүнд талууд үндэсний эталоны хэмжлийн шалгалт тохируулгын чадавхаа олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, хэмжлийн нэр төрөл, хамрах хүрээг өргөжүүлэх, батлагдсан стандартчилсан загварыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэн мэдээллийн санд бүртгүүлж, салбарын мэргэжилтэн, албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх юм.






















































