
Хятадын дарга Ши Жиньпин Хойд Солонгост хоёр өдрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын удирдагч Ким Жон Унтай өндөр хэмжээний анхаарал татсан уулзалт хийж байна. Энэ нь Ши Жиньпиний долоон жилийн дараах анхны Пёньян дахь айлчлал юм.
Айлчлалын гол зорилго нь Хятад–Хойд Солонгосын харилцааг дахин бэхжүүлэх, мөн Бээжингийн Пёньян дахь нөлөөг сэргээхэд чиглэж байна. Хоёр тал мөн 1961 онд байгуулсан Хятад–Хойд Солонгосын найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 65 жилийн ойг тохиолдуулан уг айлчлалын төлөвлөсөн юм.
Хойд Солонгос сүүлийн жилүүдэд Орос улстай илүү ойртож, цэргийн болон эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн нь Бээжингийн санааг зовоож байгаа гэж шинжээчид үзэж байна. Иймээс Ши Жиньпин энэхүү айлчлалаар Пёньянг дахин Хятадад ойртуулах, өөрийн геополитикийн нөлөөг хадгалахыг зорьж байна.
Хойд Солонгосын талаас Ким Жон Ун өөртөө итгэлтэй, хатуу байр суурь илэрхийлж байгаа бөгөөд тус улс цөмийн зэвсгийн бодлогоо орхихгүй гэдгээ дахин баталжээ. Мөн шинэ байлдааны хөлөг онгоц танилцуулж, цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх байр сууриа илэрхийлсэн байна.
Мөн Ким Жон Ун сүүлийн жилүүдэд Оросын Украин дахь дайнд дэмжлэг үзүүлэх зэргээр Москватай харилцаагаа гүнзгийрүүлсэн нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг улам төвөгтэй болгож байна. АНУ болон барууны орнууд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулахыг зорьж байгаа ч Пёньян энэ байр суурийг “хуучирсан, бодит бус мөрөөдөл” гэж няцаажээ.
Л.Баяр




















































