
Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд сүүлийн жилүүдэд байгаагүй томоохон хямрал үүсэх эрсдэл нүүрлээд байна. Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) болон түүний харьяа 55 үндэсний холбоо ФИФА-гийн зохион байгуулдаг бүх тэмцээнийг бойкотлохоор болсноо зарлаж, ингэснээр 2030 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүхэндээ байгаагүй шүүмжлэл дагуулж мэдэх нөхцөл байдал үүсээд байна.
Маргааны гол шалтгаан нь ФИФА Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад олон улсын тэмцээний арилжааны эрхийн тодорхой хувийг хувийн хөрөнгө оруулалтын сангуудад худалдах шинэ бүтцийг байгуулахаар төлөвлөсөнтэй холбоотой. ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино энэхүү санаачилга нь холбооны орлогыг өсгөж, хөгжиж буй орнуудын хөлбөмбөгт илүү их хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.
Харин Европын тал үүнийг хөлбөмбөгийн ирээдүйд заналхийлсэн алхам гэж үнэлжээ. UEFA-ийн мэдэгдэлд ФИФА шийдвэрээ гишүүн холбоодтой хангалттай зөвшилцөлгүйгээр гаргасан бөгөөд дэлхийн хөлбөмбөгийн ашиг сонирхлыг хөрөнгө оруулагчдын ашигтай хольж хутгаж байна гэж онцолсон байна. UEFA-ийн удирдлагуудын үзэж буйгаар, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь арилжааны бүтээгдэхүүн бус, спортын үнэт зүйл дээр тулгуурласан тэмцээн хэвээр үлдэх ёстой. Хэрэв хувийн хөрөнгө оруулагчид тэмцээний арилжааны эрхийг эзэмшиж эхэлбэл ирээдүйд тэмцээний хуваарь, зохион байгуулалт, оролцогчдын тоо, тэр ч байтугай дүрмийн өөрчлөлт хүртэл санхүүгийн өгөөжид тулгуурлан шийдэгдэх эрсдэлтэй гэж тэд анхааруулжээ.

Иймээс UEFA болон түүний гишүүн холбоод ФИФА бодлогоо өөрчлөхгүй бол тус байгууллагын зохион байгуулдаг бүх тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь зөвхөн эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд эмэгтэйчүүдийн ДАШТ, өсвөрийн ангиллын дэлхийн аваргууд, Клубүүдийн дэлхийн аварга зэрэг бүх тэмцээнд хамаарах юм.

Хэрэв энэхүү бойкот бодит ажил хэрэг болбол Англи, Франц, Герман, Испани, Итали, Португал, Нидерланд зэрэг дэлхийн шилдэг шигшээ багууд ДАШТ-д оролцохгүй байх нөхцөл үүснэ. Энэ нь зөвхөн Европ төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн нэр хүнд, үзэгчдийн тоо, телевизийн эрхийн үнэ цэнэ болон ивээн тэтгэгчдийн сонирхолд асар том цохилт болно гэж шинжээчид дүгнэж байна.
Нөгөө талаар Хойд, Төв Америк болон Карибын бүсийн холбоо (CONCACAF) ФИФА-гийн шинэ бүтцэд болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлсэн ч UEFA шиг шууд бойкот зарлаагүй байна. Өмнөд Америк, Ази, Африкийн холбоод ч нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ФИФА ойрын хугацаанд талуудтай хэлэлцээ хийхээс өөр сонголтгүй болсон гэж ажиглагчид үзэж байна.
Л.Баяр

























































