
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг эдийн засгийн дарамтыг урьд өмнө байгаагүй хэмжээнд нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Трамп наймдугаар сарын 19-нд Ираны эдийн засгийг шахах ажиллагаагаа “хамгийн хүчтэй эдийн засгийн ажиллагаа” хэмээн нэрлэж, Иранд ямар нэгэн байдлаар эдийн засгийн дэмжлэг үзүүлж буй улс орнуудад ч хариуцлага тооцно гэж анхааруулсан байна. Тэрбээр Ираныг нефтийн хууль бус худалдаа, мөнгө шилжүүлэг, валютын солилцоо, хуурамч компаниуд болон усан онгоцны бүртгэлээр дамжуулан дэмжих бүх сувгийг зогсоохыг шаарджээ.
Трамп үүнийг “Эдийн засгийн D-Day” гэж нэрлээд, холбоотнууд нь АНУ-тай нэгдэн Ираныг тусгаарлаж, дарамт шахалтыг нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Трамп АНУ, Ираны хооронд албан ёсны хэлэлцээ одоогоор үргэлжилж байгаа гэдгийг үгүйсгэсэн ч ирээдүйд дахин хэлэлцээ хийх боломжийг бүрэн хаагаагүй байна. Тэрбээр өмнө нь Ираны талтай тохиролцоонд хүрэх боломжтой гэж мэдэгдэж байсан боловч наймдугаар сарын 18-нд хэлэлцээ байхгүй гэж мэдэгдсэн. Харин дараагийн өдөр нь хэлэлцээг хэзээ нэгэн цагт дахин эхлүүлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлжээ.
АНУ, Ираны сөргөлдөөний хамгийн эмзэг цэг нь Ормузын хоолой хэвээр байна. Дэлхийн нефтийн тээврийн чухал гарц болох энэ усан замаар дамжих тээвэр дайны эхэлснээс хойш эрс буурсан байна. АНУ-ын зүгээс тус бүсэд нефтийн тээвэрлэлтийг сэргээх ажиллагаа явуулж байгаа бөгөөд Америкийн цэргийнхэн Хормузын хоолойн өмнөд чиглэлийн хөдөлгөөнийг хянаж байгаа гэж АНУ-ын албаныхан мэдэгджээ.
Үүний зэрэгцээ нефтийн нийлүүлэлттэй холбоотой тодорхойгүй байдал дэлхийн зах зээлд нөлөөлж, газрын тосны үнэ өсөх дарамт нэмэгдэж байна.
Трамп Ираны эсрэг цэргийн дарамтаас гадна эдийн засгийн “боомилолтыг” эрс чангатгаж, Иранд тусламж үзүүлсэн гуравдагч орнуудад хүртэл арга хэмжээ авахаар сүрдүүлж байна. Харин дипломат хэлэлцээг бүрэн хаагаагүй бөгөөд Хормузын хоолой дайны гол зангилаа хэвээр байна.
Л.Баяр






















































