
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж буй дайны стратегиа дахин өөрчилж, энэ удаад эдийн засгийн асар хүчтэй дарамт үзүүлэх чиглэлд шилжиж байна. Тэрбээр лхагва гарагт Truth Social платформдоо АНУ Ираны эсрэг “аль ч улсын эсрэг урьд өмнө авч байгаагүй хамгийн хүчтэй эдийн засгийн ажиллагаа” явуулна хэмээн мэдэгдсэн байна.
Энэ нь Трампын хувьд тодорхой хэмжээнд нэр хүндээ аврах оролдлого болж байна. Учир нь АНУ-ын цэргийн ажиллагаа Ираныг бууж өгөхөд хүргэж чадаагүй, мөн Тегераныг цөмийн асуудлаар хэлэлцээний ширээнд суулгах оролдлого ч үр дүнд хүрээгүй. Ираны дайн эхэлснээс хойш Трампын стратеги хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Цэргийн хүч хэрэглэхээс эхлээд дипломат хэлэлцээ хийх оролдлого, улмаар эдийн засгийн дарамт үзүүлэх хүртэл бодлого нь эргэлдсээр байна.
Энэ бүхний цаана Ормузын хоолой хамгийн том асуудлын нэг хэвээр байна. АНУ-ын засаг захиргаа Иран Хормузын хоолойг хааж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд асар их хүндрэл учруулж болзошгүйг дайны төлөвлөгөөндөө бүрэн тооцоолоогүй гэх шүүмжлэл гарчээ. Тус хоолойгоор дайны өмнө дэлхийн худалдаалагддаг нефтийн ойролцоогоор тавны нэг нь дамждаг байсан. Иран хоолойгоор дамжин өнгөрөх усан онгоцны хөдөлгөөнд ихээхэн нөлөө үзүүлсээр байгаа бол АНУ өөрийн тэнгисийн цэргийн хүчээр Ираны боомтуудад хориг тавьж, Тегераны эдийн засагт дарамт үзүүлэхийг зорьж байна.

Гэсэн хэдий ч сүүлийн үед зарим улс, тэр дундаа Персийн булангийн орнуудын хөлөг онгоцууд АНУ-ын хамгаалалтад найдан Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх болсон байна. Энэ нь Ираны далайн замд үзүүлэх хяналт өмнөхөөсөө суларч байгааг харуулж байна гэсэн үнэлгээ гарчээ. Трампын шинэ бодлогын гол зорилго нь зөвхөн Ираныг хориглох биш, Ирантай худалдаа хийж, түүнд ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлж буй бусад улс орнуудад ч дарамт үзүүлэх явдал юм.
Тэрбээр Ираны газрын тосны хууль бус худалдаа, валютын арилжаа, мөнгө шилжүүлэг, хөлөг онгоцны бүртгэл, халхавч компаниуд зэрэг бүх сувгийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна. Трамп мөн Иранд “ямар нэгэн төрлийн аврах гарц” олгож буй улс орнууд эдийн засгийн хариу арга хэмжээтэй тулгарна гэж анхааруулжээ.
Үүний зэрэгцээ Ормузын хоолойн хямрал дэлхийн зах зээлд нөлөөлж, нефтийн үнэ өсөх дарамтыг нэмэгдүүлж байна. Пүрэв гарагт Brent маркийн нефтийн үнэ 2.4 хувиар өсөж, баррель нь 94 ам.долларт ойртсон бол WTI 2.5 хувиар өсөж 86 ам.долларт хүрчээ.
Л.Баяр























































