
Испанийн “чонон хүү” хэмээн алдаршсан Маркос Родригес Пантожа 80 насандаа нас баржээ. Тэрээр бага насныхаа 12 орчим жилийг Сьерра-Морена ууланд зэрлэг байгальд, чонын сүргийн дунд өнгөрүүлсэн гэдгээрээ дэлхийд танигдсан юм.
Маркос 1946 онд Испанийн өмнөд хэсгийн Кордова мужийн Аньора тосгонд төржээ. Ээж нь нас барсны дараа гэр бүл нь задарч, хойд эхийнхээ харгис харилцаанд өртсөн тэрээр долоон настайдаа ямаачинд өгөгдсөн байна. Улмаар ямаачин нас барсны дараа Маркос ууланд ганцаараа үлджээ.
Тэрээр өөрийн дурсамждаа чонын сүрэгтэй ойртож, бамбаруушуудад хоол өгч, аюул тулгарвал улих зэргээр тэдний итгэлийг олж авсан гэж ярьдаг байв. Мөн шувуу, буга болон бусад амьтдын дууг дуурайж сурсан бөгөөд чононуудыг өөрийн “гэр бүл” мэт үздэг байжээ.
1965 онд 19 настай байхад нь Испанийн Иргэний харуул түүнийг уулын хавцлаас олж, хүний нийгэмд буцаан авчирсан байна. Гэвч энгийн амьдралд дасан зохицох түүнд маш хэцүү байсан бөгөөд амьдралынхаа туршид ууланд өнгөрүүлсэн он жилүүдээ хамгийн аз жаргалтай үе хэмээн дурсдаг байжээ.
Түүний гайхалтай амьдрал антропологич Габриэль Ханер Манилагийн судалгааны сэдэв болж, улмаар “I Played with Wolves” ном болон 2010 оны “Among Wolves” кино бүтэхэд хүргэсэн юм. Маркос амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Испанийн Оуренсе мужийн Ранте тосгонд өнгөрөөсөн бөгөөд 2026 оны наймдугаар сарын 15-нд нас баржээ.
Л.Баяр

























































