
Сассексийн гүн, ханхүү Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар хүүхдүүдийнхээ хамт зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ. Хос хоёр 2020 онд хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзаж, АНУ руу нүүсэн билээ. Харин энэ удаа тэд Их Британид урт хугацаагаар амьдрахаар шийдсэн бөгөөд хүүхдүүд болох хунтайж Арчи, гүнж Лилибет нар есдүгээр сараас Британи дахь сургуульд суралцаж эхлэхээр болжээ.

Харри, Меган нар Лос-Анжелес орчмын Калифорнийн Ван Найс нисэх онгоцны буудлаас хувийн онгоцоор нисэж, Бирмингемийн олон улсын нисэх буудалд газардсан байна. Гэр бүл Лондонгийн гаднах хааны эзэмшлийн бус хувийн байранд амьдрах бөгөөд хааны гэр бүлийн албан ёсны үүргийг дахин хүлээж авахгүй. Тэд Калифорнийн Монтесито дахь гэрээ хадгалж үлдэхийн зэрэгцээ АНУ дахь бизнес, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.
Харри Их Британид буцаж ирэх болсон нэг гол шалтгаан нь эцэг, хаан III Чарльзтайгаа ойр байх хүсэлтэй холбоотой гэж үзэж байна. 77 настай хаан Чарльз хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Харри сүүлийн үед эцэгтэйгээ харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Өнгөрсөн сард Харри, Меган болон хүүхдүүд нь хааны Хайгроув дахь эдлэнд зочилж, Чарльзтай уулзсан юм. Энэ нь Арчи, Лилибет хоёр 2022 оноос хойш өвөөтэйгөө биечлэн уулзсан анхны тохиолдол болсон байна.

Харин Харригийн ах, угсаа залгамжлагч хунтайж Уильямтай харилцаа нь одоогоор сайжирсан шинж тэмдэг бага хэвээр байна. Харри, Меган нар Их Британид эргэн ирсэн ч хааны гэр бүлийн ажил үүрэг гүйцэтгэдэг гишүүд болохгүй. Тэд хувийн иргэний статусаа хадгална.
Меган өөрийн "As Ever" бизнесээ Их Британиас үргэлжлүүлэн удирдах бол Харри Их Британид үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллагуудтайгаа ажиллах боломжтой болох юм. Тэдний эргэн ирэлт нь хааны гэр бүлийн дотоод зөрчил, ялангуяа Харри болон Уильямын харилцаа дахин олны анхаарлын төвд орох шалтгаан болж байна.
Харин Харригийн хувьд гэр бүлтэйгээ эвлэрэх хүсэл нь сүүлийн үед улам тодорхой болсон. Тэр өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ дахин эвлэрэхийг хүсэж байгаагаа хэлж, эцэгтэйгээ хамт өнгөрөөх хугацаа түүнд чухал болохыг онцолж байжээ.
Л.Баяр





















































