
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ энэ долоо хоногт мэдэгдэхүйц буурч, хоёр долоо хоног үргэлжилсэн өсөлтийн дараа анх удаа долоо хоногийн уналттай дуусах төлөвтэй байна. Наймдугаар сарын 28-ны арилжаагаар Brent төрлийн нефтийн үнэ 0.67 хувиар буурч, баррель нь 89.10 ам.доллар, АНУ-ын WTI нефть 0.77 хувиар буурч, 82.89 ам.долларт хүрчээ.
Ингэснээр долоо хоногийн хугацаанд Brent-ийн үнэ 5.3 хувь, WTI-ийн үнэ 4.3 хувиар тус тус буураад байна. Гэхдээ наймдугаар сарын 27-нд нефтийн үнэ огцом өссөн бөгөөд Brent 2.1 хувиар нэмэгдэж, 89.70 ам.долларт, WTI 1.6 хувиар өсөж, 83.53 ам.долларт хүрсэн юм.
Нефтийн үнийн сүүлийн үеийн хэлбэлзэлд АНУ–Ираны мөргөлдөөн болон Хормузын хоолойн нөхцөл байдал хамгийн их нөлөөлж байна. Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн томоохон хэсэг дамждаг бөгөөд мөргөлдөөний улмаас тээвэрлэлт эрс багассан. Харин сүүлийн өдрүүдэд Иран болон Оман хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийг зохицуулах талаар хэлэлцэж, улмаар нефтийн нийлүүлэлт хэвийн болох найдвар зах зээлд бий болсон байна.
Үүний зэрэгцээ Персийн булангийн орнуудаас гарах нефтийн экспорт нэмэгдэж эхэлсэн байна. Goldman Sachs-ийн тооцоогоор булангийн бүс нутгийн экспорт өдөрт 15–16 сая баррель болж, мөргөлдөөний үеийн хамгийн доод түвшнээс сэргэжээ. Гэхдээ энэ нь мөргөлдөөн эхлэхээс өмнөх хэмжээнд хараахан хүрээгүй байна. Хэдийгээр нефтийн үнэ буурч байгаа ч зах зээлд тодорхой бус байдал өндөр хэвээр байна. АНУ Иранд тавьсан эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж, Вашингтон Тегерантай өмнөх цөмийн хэлэлцээрийн нөхцөл рүү буцаж очих сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн.
Тиймээс Хормузын хоолой бүрэн нээгдэх эсэх, АНУ–Ираны мөргөлдөөн хэрхэн үргэлжлэхээс шалтгаалан нефтийн үнэ дахин огцом өсөх эрсдэл хэвээр байна. Одоогийн байдлаар зах зээл нийлүүлэлт бага зэрэг сэргэх найдвараар үнийн эрсдэлийн нэмэгдлийг бууруулж байгаа ч геополитикийн аливаа шинэ хурцадмал байдал нефтийн үнийг богино хугацаанд эргүүлэн өсгөх боломжтой байна.
Л.Баяр


























































