Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн түгжрэл ихтэй уулзваруудын нэг болох Ахуйн үйлчилгээний уулзвар ашиглалтанд орлоо. Энэ уулзварын "Гудамж" төслийн хүрээнд шинэчилсэн юм. Уулзварын өргөтгөл шинэчлэлийн зурвастай давхацсан дулаан шугамуудыг шинэчлэн шилжүүлж, хоёр байршилд дулааны худгийн узелийг авто замын даацад тохируулан хана, тагийг хүчитгэж, бетон-арматурчлал хийжээ. Энэ уулзварт 28 318 ам метр талбайд хатуу хучилт, 5 547 ам метр талбайд ногоон байгууламж, 7 565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам барьснаараа хамгийн том уулзвар боллоо. Уулзварын ажлыг гүйцэтгэсэн “Наранбулаг Хан” ХХК нь өнгөрсөн онд “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Чингисийн өргөн чөлөөний замыг өргөтгөн шинэчлэх томоохон ажлыг хариуцлагатай гүйцэтгэсэн туршлагатай компани юм.

























































