-
2016 оны 8 сарын 02
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэхүү хуралдаанаард маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж томилох дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж.
-
2016 оны 8 сарын 02
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын гишүүн Малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төсөл боловсруулсан байна.
-
2016 оны 8 сарын 02
Аймгуудын ИТХ-аас Засаг дарга нараа тодруулж, Ерөнхий сайд зарим томилгоогоо хийж зарим Засаг дарга нарыг өнгөрсөн сарын сүүлчээр батламжилсан.
-
2016 оны 8 сарын 02
Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуулийг ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуультай хамтатган явуулах шийдвэр гарчээ.
-
2016 оны 8 сарын 01
УИХ-ын анхдугаар чуулганыг энэ долоо хоногт хаахаар болсон байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэний дараа анхдугаар чуулганыг хаахаар төлөвлөсөн байна.
-
2016 оны 8 сарын 01
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
-
2016 оны 8 сарын 01
АН-ын ҮЗХ энэ сарын 5 буюу ирэх Баасан гаригт хуралдахаар болжээ. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм.
-
2016 оны 8 сарын 01
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шинэ Засгийн газар бүрэлдсэн. Тиймээс дэд сайдуудын нэр эхнээсээ дуулдаж эхэллээ.
-
2016 оны 8 сарын 01
Хилийн 0108 дугаар ангийг 90 жилийн ойг нь тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одон хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв. Тэрбээр баяр хүргэж хэлсэн үгэндээ
”Анх үүсч байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хил, хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж, сая саяар тоологдох зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан олон удаагийн үйлдлийг илрүүлж, улс орны эдийн засагт учирч болзошгүй их хэмжээний бодит хохирлоос урьдчилан сэргийлсэн болон хариуцсан хэсгийнхээ хил хамгаалалтад сүүлийн үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж байгаа зэрэг амжилтуудыг ойн баярын энэ өдөр бахархан дурдахад таатай байна.
Улс орны газар нутаг торгон хилээс эхлэлтэй. Тэрхүү хил нь хилчин та бүхний өдөр шөнийн манааны үр дүнд амар амгалан байж, Монгол Улсын оршин тогтнохын үндэс, сүлдэт багана болж байдаг юм.
Иймд улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй эрхэм хилчид та бүхэн цаашдаа хилийн бүс, зурваст амьдарч буй орон нутгийн ард иргэддээ нээлттэй байж, хил хамгаалалт, хилийн анги салбарынхаа туслах аж ахуйн шилдэг туршлагаа хуваалцдаг болох хэрэгтэй.
Төрийн дээд одонгоор шагнагдсан танай хамт олонд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж, ойн баярын мэндийг дэвшүүлье” хэмээн амжилт хүсч, баяр хүргэлээ.
-
2016 оны 7 сарын 29
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, П.Сэргэлэнг 95 хувийн саналаар дэмжлээ.
-
2016 оны 7 сарын 29
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж хэлэлцэх асуудлаа баталлаа. Өнөөдрийн хуралдаанаар:
-
2016 оны 7 сарын 29
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.29/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болохыг тогтоолын төсөлд дурдсан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 29
МАН бүлэг дөрвөн сайдын асуудлаар хуралдаж, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайван нэрийг татах шийдвэр гаргажээ.
-
2016 оны 7 сарын 29
Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайд, 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулсан.
-
2016 оны 7 сарын 29
Монголбанкны тэргүүн дэд захирал, дэд ерөнхийлөгчийг томилох эсэхийг өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
-
2016 оны 7 сарын 29
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
2016 оны 7 сарын 29
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нар эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг өнөөдөр /2016.07.28/ Төрийн ордонд хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Элэг судлалын “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар уулзалтын эхэнд хийсэн танилцуулгадаа манай улсын тухайд элэгний өвчлөл гамшгийн түвшинд хүрээд байгааг тодорхой баримтаар дурдав. Улсын хэмжээнд элэгний өвчний улмаас жилд 2800, өдөрт дунджаар 7 хүн нас барж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь хүн амын нийт нас баралтын 15 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэмтдийн тооцоогоор 400 мянга хүн элэгний В, С вирусын халдвартай гэсэн судалгаа гарсан байдаг.
Харин сүүлийн үед манай эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачид эдгээр вирусын эсрэг үйлчилгээтэй орчин үеийн эмчилгээний аргыг нэвтрүүлэхэд анхаарсны үр дүнд одоогоор 40 мянга орчим хүн элэгний вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байгаа. Түүнчлэн 5000 хүн вирусын эсрэг эмчилгээнд орж, 4000 гаруй хүн эмчилгээг эхлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой болсныг тэрээр дурдав.
Мөн тус төрийн бус байгууллага “Элэг бүтэн монгол хүн” хэлэлцүүлгийг зургаан удаа зохион байгуулж, элэгний өвчлөлийг бууруулах асуудалд анхаарч мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэхийг улс төрийн намуудад уриалахад МАН энэ асуудалд ихээхэн анхааралтай хандаж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодорхой заалт оруулсанд баяртай байгаагаа илэрхийллээ.
Дараа нь уулзалтад оролцсон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор, профессор Я.Дагвадорж, тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, доктор, дэд профессор Г.Зулхүү, нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, клиникийн профессор Д.Батдэлгэр, гүйцэтгэх захирал, доктор Д.Энхтүвшин, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Оюунчимэг, “Нэг монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Гантогтох, “Оном” сангийн Урьдчилан сэргийлэлтийн багийн ахлагч Э.Эрдэнэбилэг нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан элэгний өвчлөлийн эсрэг санаа тавьж эх оронч санал, санаачлага гарган ажиллаж байгаа иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачидтай өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж буй гепатитын өдөр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт элэгний халдварт В, С вирусын голомтыг бууруулах, цаашид бүрэн устгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнчлэн өвчлөлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд иргэн бүрийг хамруулах зорилт дэвшүүлсэн.
Иймээс “Элэг бүтэн монгол хүн” хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх, энэ асуудалтай уялдуулан салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, өнгөрсөн жилүүдэд батлагдсан эрүүл мэндийн салбарын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавихад тус байнгын хороо анхаарч, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн салбарын хамт олонтойгоо нягт хамтарч ажиллах болно гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 28
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
-
2016 оны 7 сарын 28
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр \2016.07.28\ БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.
Уулзалтын эхэнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Мөн тэрээр, “Манай улсад ч гэсэн хоёр сарын өмнө сонгууль болсон. Монгол Ардын Намыг Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэе. Миний бие Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн урилгаар Монгол Улсад ирж, санамж бичиг байгуулсандаа баяртай байна” хэмээгээд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюны Улсын Их Хурлын дарга М.Энхболдод баяр хүргэсэн илгээлтийг гардуулан өгөв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд энэ сарын эхээр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон нь АСЕМ-ийн арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюны илгээлтэд хариу талархал илэрхийлж буйг дамжуулахыг хүсэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ УИХ-ын сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам олонхи болж, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулж байгааг дурдаад БНСУ-тай харилцах гадаад бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт гарахгүйгээр тууштай үргэлжлэх болохыг онцлов.
Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжихийн зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж буйд Улсын Их Хурлын дарга сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх, эрх зүйн таатай орчныг бий болгож, дэмжлэг үзүүлэх нь парламентын үүрэг чухал болохыг хэлэв. Мөн хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах чиглэлээр харилцаагаа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 28
МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг баталсан байна.