Хэдхэн жилийн өмнө оффшор гэдэг үг монголчуудын хувьд шинэ байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ үгний утга болоод тайлбарыг нь нэг бүрчлэн тайлбарлаж, С.Баярцогтыг үүгээр төсөөлдөг байсан бол одоо үүнийг зохицуулсан хуультай болжээ. Үүнийг өнгөц харвал ахиц дэвшил мэт харагдавч ачир дээрээ наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан байдалтай байгааг өнөөгийн нөхцөл байдал харуулав. Уг нь хуулийг нь аль өнгөрсөн дөрөвдүгээр сард баталчихсан. Гэтэл хууль хэрэгжих нөхцөл байдал үүсээгүй байна гэх шалтгаанаар АТГ оффшорчдын нуусан хөрөнгийг оруулж ирэх ажилд хойрго хандаж байна, оффшорын хуулийг хэрэгжүүлэх сонирхолгүй байна гэх шүүмжлэлийг иргэдийн зүгээс өгөөд байгаа юм. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилтийг хэн гацааж байна вэ...
УИХ-аас өнгөрсөн хавар төсвийн тодотголтой зэрэгцүүлэн төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон хуулийн төслийг эцэслэн баталсан. Өөрөөр хэлбэл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ талаар тодорхой тусгаж өгсөн юм. Ингэхдээ тухайн албан тушаалтан зөвхөн албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хуулийн үйлчлэлд хамаарна. Хэрэв сонгуульд нэр дэвшихээр болбол оффшорт дансаа урьдчилан мэдэгдэнэ. Сонгогдсон тохиолдолд оффшор дахь асуудлаа 30 хоногийн дотор цэгцлэнэ. Дансаа хаалгаж, хөрөнгөө татах замаар зохицуулалт хийхээс гадна оффшор дахь хөрөнгө, хуулийн этгээдээ бусдад шилжүүлэх, худалдах, дуусгавар болох эрх нь хуулийн хүрээнд нээлттэй байхаар тусгасан. Мөн хуулийн дагуу төрийн албан хаагч болон түүний хамаарал бүхий иргэдийг оффшор данстай байхыг хориглосон. Гэхдээ энэ хуульд цоорхой бий. Энэ нь тодорхой албан тушаалтан суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөр эрхлэх явцдаа оффшор бүсэд данс нээлгэхэд хуулиар түүнийг хориглохгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн оффшор бүсэд хамаардаг гадны оронд эмчилгээ хийлгэхээр очихдоо тэнд данс нээлгэх бүрэн эрхтэй. Үүнийгээ АТГ-д бичгээр мэдэгдэхэд л болно. Ингэснээр хууль зөрчсөнд тооцогдохгүй. Ингэж хуулийн хүрээнд асуудлаа цэгцэлсэн л бол ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, үүсч болзошгүй гэх үндэслэл болохгүй юм.
ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Энэ хугацаа өчигдөр дууссан. Гэвч Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлснээр өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй гэнэ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээлж байгаагаар оффшор бүсэд данстай 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Эдгээрээс Монгол Улсын 49 этгээдийн мэдээлэл гарч ирдэг ч энэ нь 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбоотой болох нь тогтоогдсон байдаг. Эдгээр 29 иргэний 23 иргэн төрийн албанд ажиллаж байсан нь АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдож, бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авсан ч тэдний хэн нь ч Ерөнхийлөгчийн уриалгыг үл тоож, хөрөнгө оруулж ирсэнгүй.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлж байгаагаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах учиртай. Ингээд өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй. Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, аль улс нь оффшор бүс, аль нь оффшор бүс биш гэдгээ ялгаж чадалгүй өнөөдрийг хүрчээ.
Хэрэв оффшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн тогтоол гарч баталгаажих юм бол 3 сар, 30 хоног гэсэн ойлголтоо хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд оффшорт данстай хүмүүс хөрөнгөө хэрхэн зохицуулснаа Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх боломжтой болох юм байна.
Уг нь 8 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг баталсан. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа юм байна.
Хууль нь батлагдаад бүтэн хагас жилийн нүүрийг үзэж байхад Засгийн газар оффшор тогтоох Засгийн газрын тогтоолдоо хойрго хандаж байгаа нь өөрийн намын гишүүдтэй холбоотой гэх хардлага төрүүлж байгааг нуух юун. Учир нь эдгээр данстангууд дотор МАН-ын цөөнгүй гишүүд бий. Эдгээр эрхэмүүдийн заримыг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор толгойлуулсан АН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий таван гишүүн ил болгосон. Тэд Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байдаг. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гэх мэтчилэн ураг садны төрлүүд нь оффшор бүсэд данстай гэдгийг тэд зарласан. Мөн “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүтэй ашиг сонирхол нэгтэй гэх ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал асан Т.Очирхүү гэх МАН-ын угшил нэгтнүүдийн нуусан хөрөнгөө ил болсон.
Хэрэв Засгийн газар гаргасан тогтоолоо албажуулчихвал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар дансанд байгаа хөрөнгөө эрүүлэн татахыг шаардах юм. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу эдгээр хүмүүс оффшорт байгаа дансаа хааж, хөрөнгөө татаж, үүнийгээ АТГ-д мэдүүлж байж, С.Баяр Элчин сайдаараа, Г.Тэмүүлэн, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар УИХ-ын гишүүнээрээ, НИТХ-ын дарга Ц.Сандуй, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар нар албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой болно.
Мөн АТГ-д мэдүүлсэн хөрөнгийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой. Хэрвээ дансаа үл хаалгаж, хөрөнгөө татаагүй тохиолдолд албан тушаалаас нь хүртэл огцруулах заалт энэ хуульд нэмэлтээр орж ирсэн нь ийнхүү хуулийн хэрэгжилтийг гацаах шалтаг шалтгаан болсон байж мэднэ. Учир нь Засгийн газар өөрсдийн гишүүдийнхээ дансыг хамгаалахыг тулд цаг хожиж буйг ч үгүйсгэх аргагүй юм.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (87)