Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Бөөрний төвийн Бөөр Судлалын Тасагт 67 сая төгрөгийн үнэ бүхий зүүний чиглүүлэгчтэй Допплер хэт авиан хамгийн орчин үеийн аппаратыг “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес өнөөдөр гардуулж өглөө.
Тус аппаратыг гардуулах ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, УНТЭ-ийн эмч, сувилагч болон удирдлагууд оролцсон юм.
Удирдлагууд уг аппаратын тусламжтайгаар бөөрний өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулах, цаашлаад олон хүний амь насыг аврах боломж бүрдэж байна. Тэр дундаа УНТЭ-ээр үйлчлүүлэгчид гадаад улсад өндөр зардал гарган оношилгоо хийлгэхгүйгээр Монголдоо энэ аппаратаар үйлчлүүлэх бүрэн боломж нээгдэж байна хэмээн онцолж байлаа.
Манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дөрөвдүгээрт бөөр, шээсний замын эмгэгээс үүдэлтэй өвчлөл ордог байна. Үүнээс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвд жилдээ 1,200 өвчтөн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн бөөр судлалын тасагт 18,000 гаруй үзлэг хийдэг ба бөөрний тодорхой эмгэгүүдийг эрт оношлоход шаардлагатай аппарат байхгүйн улмаас хожуу шатанд оношлогдон хүндэрч, цөөнгүй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ороход хүрдэг байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)