Нэгдүгээр сургуулийн Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 9.30 цагаас товлогдсон байсан. Тэгвэл шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхцсан гэдэг шалтгаанаар шүүх хурал энэ сарын 26-ны 10.30 цаг хүртэл хойшиллоо.
Хэргийг нэхэн сануулбал, тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, АТГ-аас тус сургуульд БСШУСЯ-наас цохолттой ирсэн 41 хүүхэд элсүүлсэн, сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна гэж мэдээлсэн юм. Үүний дараахан тэрбээр авлига авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан юм.
Бид энэ талаар нэхэн сурвалжлах болно.
Г.Алимаа