Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны гишүүн Дик Паунд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдөр “AP” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “ОУОХ нь “COVID-19”-ийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах нь эрсдэлтэй гэж үзвэл олимпийн наадмыг цуцалж болзошгүй бөгөөд олимпийн наадмыг хэвийн зохион байгуулах эсвэл цуцлах зэрэг асуудлыг ирэх тавдугаар сард багтаан шийдэх ёстой” хэмээн мэдэгдсэн билээ.
Харин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, ““Токио - 2020” олимпийн наадмыг төлөвлөгөөт хугацааны дагуу хэвийн зохион явуулахыг зорин бэлтгэл ажлуудыг эрчимтэй өрнүүлж буй бөгөөд ОУОХ, Япон улсын засгийн газар, “Токио - 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос нягт хамтран ажиллаж байна” хэмээн өнгөрсөн сарын 27-ны өдөр онцлов. Тэрбээр олимпийн наадмыг цуцлах, зохион байгуулах газрыг өөрчлөх тухай асуултад “Таамаглалд суурилсан асуултад хариулах боломжгүй” хэмээн мэдэгдэв.
Дэлхийн 66 улсад илрээд буй шинэ төрлийн коронавирус буюу "Ковид-19"-ийн тархалтын улмаас “Токио – 2020” Олимпийн наадмын эрх олгох зарим тэмцээнүүд цуцлагдаж байна.
Тухайлбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 27-29-ны өдрүүдэд БНХАУ-ын Шиан хотноо явагдах байсан чөлөөт бөх, сонгомол барилдааны Ази тивийн, Олимпийн эрх олгох тэмцээнийг цуцалж, Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулахаар шилжүүлсэн. Харин "Ковид-19"-ийн тархалт эрчимтэй байгаатай холбогдон, өнгөрсөн сарын 29-ний өдөр Бишкек хот нь тус тэмцээнийг зохион байгуулахаас татгалзав. Одоогоор Ази тивийн, Олимпийн эрх олгох чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээн хаана, хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.
БНХАУ-ын Ухань хотоос Йордан улсын нийслэл Амман хотноо шилжсэн боксын Ази- Номхон далайн орнуудын олимпийн эрх олгох тэмцээн маргааш эхлэх билээ. Тус тэмцээнд Монгол Улсаас ДАШТ-ны хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга Э.Цэндбаатар тэргүүтэй нийт 13 тамирчин “Токио-2020” олимпийн эрхийн төлөө хурд хүчээ сорин тулалдах юм.