Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд Шадар сайд Я.Содбаатар шагнал болон чимэг олголоо. Чимэг авсан бөхчүүд дунд өнөө жилийн наадмын гурвын даваанд унасан улсын харцага О.Хангай байсан нь содон байв. Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрээр түүнийг 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцон "Өсөх идэр" чимэг олгож байгаа билээ.
Тэрээр өнгөрсөн жилийн наадмын тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход унасан бөгөөд учраа бөхөөс нь допингийн төрлийн бодис илэрсэн тул О.Хангайг тав давсанд тооцож, чимгийг нь жил хүлээлгэн байж сая олгож буй нь энэ. Түүнийг энэ наадмаар шинэ чимэгтэйгээ барилдсан бол бөхийн ам, оноолт хэрхэн өөрчлөгдөж, амжилт нь яаж эргэх байсан бол гэж ярих хүн байдаг.
Харин харцагыг давсан Д.Цэрэнтогтохын өсөх идэр чимгийг тэр дор нь хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасч байлаа. Тэгвэл Д.Цэрэнтогтохтой адил допинг хэрэглэсэн Э.Оюунболдын хувьд шүүхээр маргаанаа эцэслэх учир түүнд унасан бөхчүүдийн цолын асуудал сунжирсаар нэгэн наадмын ард гарч байна.
Б.Жаргал