2016. Одоогоос дөрвөн жилийн өмнө хүн төрлөхтний баяр цэнгэл Риогийн олимпийн наадам сүр дуулиантай өрнөж байлаа. Энэ олимпийн наадамд Монголын баг тамирчдаас хоёр нь медалийн тавцанд гарч төрийн алтан соёмбот далбаагаа мандуулсаныг бүгд мэднэ. Тэгвэл энэхүү баярт мэдээний дундуур монгол тамирчин допинг хэрэглэж, олимпоос хасагдсаныг мэдэх нь хэд бол.
Эргэн сануулъя. “Рио-2016” олимпийн наадмын хүндийн өргөлтийн төрөлд амжилттай оролцсон Монголын тамирчнаас хориотой эмийн бодис (Testosterone) илэрснээр олимпийн наадмаас хасагдаж байв. Ингэснээр манай тамирчин тэмцээн уралдаанд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулсан нь энэ сард сэргэх байлаа.
Гэтэл Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос тус тамирчны эрхийг сэргээсэнгүй. Энэ тухай Холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголд допингийн шинжилгээ авахаар ирсэн ч тухайн тамирчин товлосон цагтаа ирээгүй учир үүргээ гүйцэтгэж чадалгүй буцсан байна. Тиймээс түүний тэмцээн уралдаанд оролцох эрхийг сэргээхгүй гэдгээ олон улсын холбооноос нь мэдэгдсэн бололтой.
Б.Жаргал