Үндэсний бөхийн аймгийн цолтой дүйцэх цэргийн начин, заан, арслан цолыг 1992 онд анхлан олгож эхэлсэн нь Бүх цэргийн наадам юм. Босго өндөртэй, булган сүүлтэй гэх тус наадмын энэ жилийн барилдаан цар тахлын улмаас хойшлогдоод байсан бөгөөд есдүгээр сарын 13-нд болох тов гарчээ.
29 дэх удаагийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохиож байгуулж, 256 бөх хүч чадал уран мэхийг уралдуулах юм байна. Энэ барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс Г.Жамбалдоржоос бусад нь улсын цол хүртсэн билээ. 2010 оноос эхлэн “Алдар”, “Хүч”, “Хилчин”, “Эрч”, “Сүлд”, “Соёмбо” зэрэг спорт клубын мандатаар бүртгэдэг болсон.
Анхны барилдаан 1992 онд болоход цэргийн заан С.Дэлгэрбат түрүүлж байв. Бүх цэргийн наадамд түрүүлсэн өндөр цолтой бөхчүүдийг дурдвал, 1994 онд улсын гарьд И.Доржсамбуу, 1995 онд дархан аварга Г.Өсөхбаяр, 1997 онд заан Ц.Мягмарсүрэн, 2008 онд аварга Ц.Санжаадамба, 2009 онд аварга С.Мөнхбат түрүүлж байсан юм.
Түүнчлэн энэ баяр наадам хоёр түрүүлсэн бөх гурав байдаг нь улсын начин Д.Цогзолдорж (2000, 2001 он), улсын харцага А.Бямбажав (2005, 2007 он), аварга Ч.Санжаадамба (2008, 2010 он) нар юм. Тэгвэл залуу бөх энэ барилдаанд түрүүлсэн нь 2000 онд Д.Цогзолдорж (улсын начин), 2004 онд Д.Лхагвадорж (улсын начин) нар билээ. Бүх цэргийн наадмын хамгийн олон түрүүг Архангай (6), Увс (4), Говь-Алтай (4), Өвөрхангай (3) аймаг хүртжээ.
Б.Жаргал