Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё есдүгээр сарын 13-нд эхэлнэ. Намрын тэмцээнд Монголын 22 бөх зодоглох бөгөөд Макүүчи зиндаанд хоёр жилийн дараа долоон монгол бөх барилдахаар болжээ.
Дээд зиндааны зүүн жигүүрийг Хакүхо М.Даваажаргал, барууныг Какүрюү М.Ананд тэргүүлнэ. Харин өнгөрсөн башёд одтой барилдаж хоёр дахь түрүүгээ хүртсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн зүүний нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
Дээд зиндаанд Тававаши Б.Мөнх-Оршил, Кибибаяама Лхагвасүрэн, Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров нар барилдах юм.
Тэгвэл жүрёо зиндаанд Монголын тав, макүшитад тав, сандамэд дөрөв, жониданд нэг монгол бөх бичигдсэн байна. Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү Хошорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн анх удаагаа Макүүчи буюу дээд зиндаанд эрэмбэлэгдлээ. Өдгөө 21 настай тэрбээр ийнхүү дээд зиндаанд барилдах болсноор гадаадын сүмочдоос Макүүчи зиндаанд барилдсан 50 дахь, Монголоос 27 дахь нь болжээ.
Б.Жаргал