Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр гадаадад суралцах болсны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Уг асуудлаар МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан түүний хүсэлтийг хүлээн авч, тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын заан Б.Сайнбаярыг 2018 онд МҮБХ-ны VIII “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр холбооны гүйцэтгэх захирлаар томилсон юм. МҮБХ-ноос 2020 оны аравдугаар сарын 24-ний өдөр Цэцдийн зөвлөлийн хурлаа зарлаж, дараагийн “Их Эе” хурлынхаа товыг хэлэлцэх юм байна. Энэхүү “Их Эе” хурлаараа МҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгоно.