Узбекстаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн Азийн АШТ болж байна. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр хүрэл (огцом өргөлт хүрэл, түлхэлттэй өргөлт хүрэл) медаль хүртэж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Ингэж М.Анхцэцэг олимпийн эрх олгох хоёр чухал давааны эхнийхийг нь баяр дүүрэн даван гарлаа.
Тэрбээр медалийн тавцанд гарах замдаа огцом өргөлтийн төрөлд 111 кг-ыг өргөсөн (III байр) бол түлхэлттэй өргөлтийн төрөлд 136 кг-ыг өргөсөнөөр (III) нийлбэр дүнгээр (247 кг) хүрэл медаль хүртэв.
Эхний хоёр байрт урд хөршийн тамирчид орсон. "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох эрх олгох дөрвөн тэмцээн төлөвлөгдөж байсан ч цар тахлын улмаас хоёрыг нь цуцласан билээ. Дараагийн тэмцээн ирэх сард болох бөгөөд виртуал хэлбэрээр зохион байгуулах юм. Үлдэж буй тэмцээний дүнг харгалзан ирэх сарын 31-нд "Токио-2020" олимпийн наадамд оролцох тамирчдыг зарлах юм байна.
Б.Жаргал