Монголын үндэсний бөхийн холбооноос “Үндэсний бөх-Үнэт өв” 100 сая төгрөгийн шагналын сантай тойргийн барилдааныг зургаадугаар сарын 18-25-ныг хүртэл зохион байгуулахаар болсон. Энэ дагуу барилдаан өнөөдөр эхэлнэ.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин тахал газар авч, айдас түгшүүртэй юм байгаа энэ үед ард олныхоо сэтгэл санааг өргөж эрч хүч, урам зориг, баяр баяслыг төрүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай энэ цагийн идэр залуу шилдэг хүчтэн оролцох уг барилдааныг Улсын онцгой комиссоос зохих заавар, зөвшөөрлийг нь авчээ.
“Үндэсний бөх - Үнэт өв” тойргийн барилдааныг телевизийн дөрвөн сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм. Цэц, засуул, бөхчүүдийг найман өдрийн турш тусгаарлан бэлтгэл сургуулилтаа хангажээ.
Энэхүү барилдаанд 32 бөх оролцох бөгөөд аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох ба үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулах аж. Мөн тойргоор барилдан барилдааныг өдөр бүрийн 16.00-19.00 цагт зохион байгуулна.