Унгарын нийслэл Будапешт хотод чөлөөт бөхийн өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 20-25-нд болж байна. Япон улсад амьдардаг эгч дүүс Бямбасүрэнгийн Хулан, Халиун нар энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм. Тэд Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс чөлөөт бөхийн үндэс сууриа тавьсан.
Тэгвэл өдгөө олимп, дэлхийн олон аваргуудыг төрүүлсэн алдарт “Шигакүкан” ахлах сургуульд сурч байгаа юм. Эгч дүүс тус сургуульд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн домогт дасгалжуулагч Казүхито Сакайгийн (С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо гээд олон алдартнуудын багш) удирдлага дор бэлтгэлээ базаадаг. Тэмцээн зохион болж буй “Tuskecsarnok” буюу “Өргөстэй” спортын ордныг анх 1995 онд барьж эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилж, 2015 онд ашиглалтад оруулсан юм.