“Энэрэл” төвийн ажилтан хүүхэд зодсон гэх мэдээллийн мөрөөр Орхон
аймгийн цагдаагийн газар шалгалт хийж эхэлсэн. Тэгвэл тус төвийн багш
н.Энхтуяа гэгчийн хэрэг шүүхэд шилжжээ. Түүнд Орхон аймгийн прокурорын
газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрөгч зургаадугаар сарын 27-ны өдөр
харьяаллын дагуу Сум дундын 14-р шүүхэд шилжүүлсэн байна.Түүнд яллах дүгнэлт үйлдсэн зүйл анги буюу Эрүүгийн хуулийн 181.1-т “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Хэргийг сануулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний “Сэлэнгэ” амралтын баазын харъяа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяа 2014 оны 03 сарын 08-ны өдөр тус төвийн сурагч О.Бямбадоржийг “өрөөгөө цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар зодсон юм.
24tsag.mn




















































