
Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин тархах өндөр эрсдэлтэй байгаа мал бүхий зургаан дүүргийн бог малыг яаралтай дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлээд байна.
Үүнтэй холбогдуулан тул өнөөдөр дүүргийн менежер Э.Чинзоригоор ахлуулсан Ажлын хэсгийн хурал болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөмж болон нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар санал солилцов.

Мөн энэ үеэр нийслэлийн Мал эмнэлгийн газрын мал, амьтны эрүүл мэндийн хэлтсийн дарга Я.Дагвадорж шүлхий өвчний урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Хурлын төгсгөлд, нутаг дэвсгэрийн хэмжээнд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, таслан зогсоох ажлыг эрчимжүүлж, зарим хороодод орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэх, эзэн холбогдогчид хууль, тогтоомжийн дагуу мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүрээнд вакцины нөөц бүрдүүлэхийг дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, 15-20 дугаар хорооны Засаг дарга, мал эмнэлгийн байгууллагад тус тус үүрэг болгов.















































