Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчилан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Энэ арга хэмжээ 14-ний өдөр хүртэл “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулагдана.Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдаалахын зэрэгцээгээр гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болно.
Энд ирсэн монгол малын гайхамшигтай арвин генетик нөөц, ашиг шимийн чадавхи, мал аж ахуйн уламжлал, хэв маягийг танин мэдэж, мал үржүүлэгчид өндөр ашиг шимтэй малыг худалдан авах боломжтой.






















































