Улсын хэмжээнд 2014 оны эхний найман сард 17615 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 787 хэрэг буюу 4.7 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг хэрэг 512, бусдын бие махбодид гэмтэл учруулах 464 зэргээр өссөн нь голлон нөлөөлөв.Сэжигтэн нь тодорхойгүй байсан 8099 хэргийн 4590 буюу 56.7 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 4.7 пункт, нийслэлийн хэмжээнд 2.5 пунктээр нэмэгдсэн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2014 оны эхний найман сард өмнөх оны мөн үеийнхээс 0.1, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 3.4, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 4.1 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 13.0 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас 6881 хүн гэмтэж, 722 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 856 буюу 14.2, нас барсан хүний тоо 24 буюу 3.4 хувиар нэмэгджээ.






















































