Либерийн хөдөө нутгийн эмч, доктор Гоби Логан Эбола вирусын халдварыг эмчлэхэд ХДХВ-ын эм өндөр үр дүнтэй байгааг нотолжээ. Уг эмийг 15 өвчтөнд хэрэглэхэд зөвхөн хоёр нь нас барсан байна. Баруун Африкт Эбола вирусаар өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь нас барж, эрдэмтэд өнөөг хүртэл бодитой эмчилгээний арга олоогүй үед энэ нь чамлахааргүй амжилт билээ.Гоби эмчийн эмийг хэрэглэхээс өмнө ядарч сульдан, бөөлжиж байсан бол одоо эрс дээрдсэн гэж 23 настай өвчтөн Элизабет Кунду ярьжээ. Либери улсад 85 мянган хүн тутамд хоёр эмч ногдож байгаа нь тун харамсалтай тоо юм. Гоби эмч “ХДХВ-ын эм нь хүний элэг болон бусад эд эрхтэнд тустай гэж үздэг. Гэхдээ Америкийн эрдэмтэд Эбола вирусыг анагаахад үр дүнтэй эсэхийг батлах шаардлагатай гэж хэлдэг. Ард түмэн үхэж байхад судалгаа хийх цаг байхгүй шүү дээ” хэмээн ярьжээ.

Тэрээр ХДХВ буюу хүний дархлал хомсдолын вирусын шинж чанар Эболатай тун төстэй гэдгийг батлан хэлж байна. “Эбола бол ХДХВ-ын хоёр дахь хувилбар бөгөөд хор хөнөөлтэй өөр нэгэн төрөл нь” гэж Гоби эмч хэлжээ.
Тэрээр анх acyclovir хэмээх ХДХВ-ын эмийг туршиж үзэхээр шийдсэн ч үр дүнгүй юм шиг санагджээ. Дараа нь lamivudine эмийг туршихад тавхан хоногийн дотор өвчтнүүдийн бие сайжирч, зарим нь бүрэн эдгэрсэн байна. Либерийн Үндэсний харшил, халдварт өвчин судлалын нийгэмлэгийн захирал, доктор Антони Фауси Гоби эмчийн гавъяаг үнэлэх хэрэгтэй гэж магтав.























































